News

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

МИАТ ТӨХК болон Toki апп-ын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.

2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.

Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.

Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

МИАТ ТӨХК болон Юнител группийн удирдлагууд уулзалтын үеэр ярилцаж байна

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.

Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.